Төрж өссөн нутагтаа амьдарч ажиллаж байсан төрөлх нутгийн ахан дүүс та бүхэндээ болон нийт Сүхбаатарчууддаа эх орны Зүүн урд хязгаар болсон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас мэндчилж, эрүүл энх, аз жаргалыг хүсье. Манай сум Сүхбаатар аймгийн бүсчилсэн хөгжлийн бодлогоор Газар тариалангийн буюу зүүн бүсийн төв болон хөгжих хэтийн төлөвтэй билээ. Эх орны хөгжил дэвшил сумын хөгжлөөс эхэлдэг. Тэртээ 95 жилийн өмнө шаваа тавьж, шангаа хатгаж байсан он цагаас хойш орон нутаг маань өнгө төрхөө засч, өргөжин тэлсээр өдгөө хүрлээ. Өнөөдөр хэний ч өмнө итгэл дүүрэн хэлэх хөгжлийн гараагаа бид олж чадсан. 2018 оны ажлын үзүүлэлтээр Сүхбаатар аймгийн 13 сумаас эхний 3-р байранд орсон түүхэн амжилтыг бид бүхэн хамтын хичээл зүтгэлийн үр дүнд үзүүллээ.
Угтах ирээдүй, хөгжлийн шинэ хандлага та биднээс өргөн далайцтай сэтгэж, эрч хүчтэй, үлдэц үр дүнтэй ажиллахыг шаардаж байгааг дор бүрнээ тунгаан, сум орон нутгийнхаа хөгжлийг эрчимжүүлэхэд хамтын сэтгэл, хичээл зүтгэл, санал санаачилгаа идэвхтэй өрнүүлэн амжилт үр дүнг бий болгоно гэдэгт итгэж, нутгийн зон олны хөгжил улам дэвшин дээшлэх болтугай. Та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар тэгш дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Түмэн олны маань амьдрал ахуй улам бүр өөдрөг байх болтугай.
Сүхбаатар сумын засаг дарга /Д. Батхүрэл/